Хэрэгтэй мэдээгээ захиалах

Хайсан мэдээ чинь алга уу?Манай хуудсаас хайгаад олоогүй мэдээгээ энд орж захиална уу.

Асуулт & Хариулт

Асуулт & ХариултМанайд байнга тавьдаг асуултуудыг эндээс орж үзнэ үү.

Сайтад мэдээ илгээх

Сайтад мэдээ илгээхБусдад хэрэгтэй мэдээллээ энд орж бидэнд илгээнэ үү.
Цус нь ойртсон зохиолын дуу PDF форматаар харах эсвэл хадгалах Хэвлэх И-мэйл ээр хэн нэгэнд илгээх
Мэдээ, Мэдээлэл - Ангилагдаагүй | Оруулсан: tulhuur | 2007.06.21 08:45 |

Дуу хэмээх нь уянгын зохиолын үндэс агаад урт хугацааны туршид язгуур шинж чанараа гээлгүй хөгжиж буй төрөл. Харин сүүлийн үед дууг бүтээгч уран бүтээлчдийн язгуур чанар алдагдаж байна. Тэд нэгдсэн сүлжээ бий болгосноор өөрсдийн уран бүтээлийг ард түмэнд хүчээр хүргэдэг болсныг та мэдэх үү
Үгийн хулгайчид
Дууны шүлэг бол дотоод сэтгэлийн дуу алдалт сэтгэл хөдлөлийн дээд хэлбэр гэлцдэг. Иймээс яруу найргийн дээд хэлбэр гэлцдэг. Иймээс яруу найргийн дээд хэлбэр хэмээн үнэлж ирсэн. Харин орчин үед яруу найрагч ядрахаараа дууны үг бичдэг гэсэн үг дэлгэрээд байна. Уг нь яруу найрагчид дуунд зориулж шүлэг бичдэггүй байсан байна. Тухайн найрагч шүлгээ бичиж утга зохиолын зөвлөл хэвлэж болно гэж баталбал хэвлэгддэг байсан үе бий. Хэмнэл хэмжээ дотоод илэрхийллийн төгс зохицолтой шүлэг хөгжмийн зохиолчийн онгодыг бадрааж байвал тэр сая дуу болдог. Энэ нь нэг талаар үзэл суртлын хайрцганд оруулж байсан боловч нөгөө талаар чанартай уран бүтээл төрөх үндэс болдог байж. Сүүлийн арав гаруй жилд хэн дуртай нь дууны үг бичдэг болсон. Тэр ч байтугай "Намайг Ангирмаа гэдэг Ангираа ч гэсэн болно" гэж биччихээд дуулаад явж байсан цаг саяхан. Энэ байдал жаахан цэгцрэв үү гэтэл үг зохиодог хэдэн хүний ноёрхол тогтож эхэллээ.    З.Түмэнжаргал гэгч дууны шүлгийн хулгайн цех байгуулаад байна гэж доктор Ч.Билигсайхан хэлжээ. Жишээ нь: Ардын уран зохиолч Д.Пүрэвдоржийн "Бүүвэйн дуу" хэмээх алдарт дууны үгэнд: Алимнаас унасан алим билээ аминаас ургасан амь билээ гэдгийг Ардын уран зохиолч Б.Лхавгасүрэн биенээс унасан биехэн гэж бичсэн тэрбээр ухаантай хүн болохоор арай ч аминаас нь гэж хэлсэнгүй. Тэгвэл З.Түмэнжаргал Аминаас нь тасарсан амьхан билээ ачлалтайхан ээжийгээ хайрлаж яваарай гэж бичээд Т.Баясгалан дуулсныг уншигчид санаж буй байх. "Амьдрал аа, амьдрал аа би чамдаа хайртай" гэж Бүрнээбаяр дуулсан  байхад саяхан нэг дуучин "Амьдрал чамдаа хайртай юм чинь би" гээд дуулж явна. Хулгай хийдэг үзэгдэл захаас аваад замаар дүүрэх боллоо. 60-70 оны ардын дуу шиг болсон сайхан дуунууд байна. Тэдгээр дууны үгэнд утга зүйн алдаа нэг ч байдаггүй, ямар нэгэн үйл явдлын өрнөл явагдаж байдаг. Жишээ нь Б.Явуухулангийн "Би чамд хайртай" хэмээх дуу "Холоос гүйдэлтэй борлог минь" гэж эхэлдэг. Энэ дуунд нэг сайхан залуу жороо борлог мортой, мөн шөнөдөө гэрэлтэм царайтай бүсгүйд хайртай юм байна түүндээ жороо мортойгоо шөнөөр очдог юм байна гэсэн санааг товч бөгөөд тодорхой гаргасан. Харин сүүлийн үеийн зохиолын дууны үгийг өмчилж бичдэг цөөхөн хүний нэг Н.Баянмөнх, Ш.Гүрбазар мэтийн эрхмүүдийн дуунд ямар ч утга агуулга алга. Зүгээр л нэг их гоё үг өгүүлбэр л яваад байдаг. Эсвэл гоё сайхнаар нь тоочсон магтаалын үгийг учиргүй олноор бичээд ирэхээр бусдын санаа давтагдаад зогсохгүй, өөрийнхөө үгийг өөрөөсөө хулгайлдаг сонин үзэгдэл дэлгэрчээ. Дээр нь яруу найрагч нь дуучин, хөгжмийн зохиолчид шүлгээ ямар ч төлбөр тооцоогүй өгдөг. Нэг үгээр хэлбэл бэлэглэчихдэг. Дараа нь яруу найрагч тоглолт хийхэд тэд үнэгүй дуулбал их юм болдог. Ийм үнэ цэнгүй байдал газар аваад байна. Үгээ өгөхгүй дуу төрөхгүй шүү дээ.
Хүүхдүүд чангарав гэхдээ...
Хуучин нийгмийн үед зөвлөлөөр батлуулаагүй дууг тайзан дээр дуулахыг хориглодог байсан цагт сонирхогчид үг, ая зохион орцонд дуулдаг байв. Энэ дууг "Зохиосон, дуу" хэмээн нэрийддэг байж. 90-ээд оны эхээр нийтийн дуу маягаар гарч ирсэн. "Хонх" хамтлагийн дуу ихэнхдээ эндээс үүдэлтэй. Хожим "Гала" хэмээх хоёр охины хамтлаг зарим дууг нь зээлж дуулаад өөрсдийгөө од модны хоорондох ялгааг олохгүй явсаар сураг алдрав. Дээхнэ үед ятга хөгжимтэй цэвэр өөрийн хоолойн чадлаар дуулж гайхуулахан явдаг байсан үед ёстой л хар цагаан нь ялгардаг байв. Сүүлд 3авханы Батсүх нэрээр гарч ирсэн гавъяат микрофонтой дуулж хоолойныхоо чадлыг нуудаг зохиолын дуучдыг "загалмайлсан". Монголчууд нүүдэлчин угсааны ард түмэн учраас хэзээ ч аав ээж нутаг усны тухай дуулсан зохиолыи дууг орхиж гээхгүй. Өнөө үөд энэ чиглэлийн дуу ард түмнийг байлдан дагуулж байна гээд л туйлшрах болж. Сүүлдээ рок попынхон хүртэл хүчинд нь дарагдаад байх боллоо. Энэ нь сайн дуучид байгаадаа гол нь биш дээр өгүүлсэн нүүдэлчин угсааны ард түмэн иймэрхүү өнгө аястай дууг тэргүүнд эрхэмлэх нь ойлгомжтой. 2000 оны эхээр зохиолын дуу дуулдаг байсан нэгэн үеийнхэн өтөлснөөр залуусын дөрөөн чимээ сонсогдох болов. Тэр үед одоогийн зохиолын дууны ханхүү С.Жавхлан нэг охин дагуулаад л үр хүүхдийн мөрөөдөл болсон улс дуулж эхлэхэд ард түмний хүсэн хүлээсэн залуус гарч ирлээ. Ёстой л цагаа олж цайгаа чанасан хэрэг гэцгээсэн. Үүнийг дагаад нэр бүхий хэдэн залуус хөтлөлцөн оюутны ширээнээс урлагийн их тайзанд орж ирсэн нь өдгөө жинхэнэ урлагийн дарангуйлал тогтоож байна. Тэд мөнгөтэй, нэр алдартай болсон тул тэднээр дуугаа дуулуулах яруу найрагч, хөгжмийн зохиолчид уран бүтээлээ барин гуйж очдог нь урлагийн ёс зүй алдагдахад хүргэлээ гэцгээх. Дууны ая зохиогч шүлгийн зохиолчид нийлж уран бүтээл туурвиад дуучин тэрийг нь дуулдаг. Нэг ёсондоо загвар өмсөгчөөс ялгаагүй байтал бүх мэдлийг дуучин гартаа авсан байна. Нөлөө бүхий дуучид дуугаа студид бичүүллээ. Хоолой жаахан хүрэхгүй бол компьютерээр засаад л нэг их сайхан дуу бэлэн боллоо. Эхний ээлжинд үүнийгээ сонсогчоосоо олон болсон FМ радиог мөнгөөр цохиод өдөр шөнөгүй явуулчихдаг. Хүний чихэнд улиг болтол сонсоод ирэхээр аяндаа ард түмэн цээжлээд эхэлдэг. Энэ нь цаанаа бас учиртай. Зохиолын дууны хөгжмийг бас хэдхэн хүн өмчлөөд авчихсан Т.Сэр-Од гэдэг "ноён оргил аав"-тай Д.Цэцэрлэг хэмээх "хатан Туул ээж"-тэй тэд тоо томшгүй олон ая үйлдвэрлэдэг. Тэр нь сүүлдээ хүнийхтэй битгий хэл өөрийнхөө зохиосон аялгуутай бараг адилхан болсон. Тэгэхээр нэг дууг нь сайн сурсан бол дараагийнх нь дууны аялгуу ойролцоо учраас сурч цөхөөд байх юу байх вэ, дороо л хит болж орхино. Бас ч болоогүй нийтийн дууны холбоо ч билүү нам ч билүү нэг юм байгуулчихсан. Д.Цэцэрлэг багштан тэргүүлдэг бололтой нөгөө хэд нь дагалддаг биз.
Урлаг шоу бизнес болчихвий
Анх Д.Цэцэрлэг багш гэр бүлээрээ нэг сайхан дуу хийсэн юм тэр нь ард түмний сайн мэдэх "Ханьсахын жаргал". Үнэхээр боломжийн дуу болж чадсан. Түүнээс хойш урлагт гэр бүлийн компани маягийн юм байгуулав.  Ингэх нь хаашаа ч байдаг юм бүү мэд. Нөхөр нь үгийг нь бичиж, эхнэр нь ая зохионо, охидууд нь дуулна, харин зүгээр ч юм уу. Дээр цухас дурьдаад өнгөрсөн нийтийн дууны холбоо ч билүү юу ч билээ. Уг нь холбоо бол тухайн зүйлийнхээ эрхийг хамгаалах зорилготой байдаг шиг санагдах юм. Эрх нь зөрчигдөх нь битгий хэл хэтрээд байгаа тэдний юуг нь хамгаалах гээд байгаа юм бэ. Удахгүй тэднээс дууны ая бичих гэсэн юм зөвшөөрөл олгооч гээд очих нь дутаад байна уу. Түүнээс гадна зохиолын дуу гэлтгүй дуучид клипэндээ өөрсдөө тоглодог. Энэ нь мөнгөө хэмнэдэг, эсвэл од болох мөрөөдөл нь хэтэрхий дийлээд  клипэндээ хүртэл өөрөө тогломоор санагддаг юм уу. Ганц дуучид руу бурууг өгөхөөс наана үзэгч сонсогчид руу хандаж үзвэл дээр болов уу "Ямар ард түмэн байна, тийм удирдагч байна" гэдэг шиг. Ер нь олон нийт юуг сонирхож байна, түүнийг дагаж тухайн зүйл хөгждөг зах зээлийн хууль бий. Энэ бүхнээс үзвэл манайд массын урлаг нэлээд хөгжиж байна уу гэсэн бодол төрж байна.
Энэ нь Дэлхий нийтийн чанартай хэллэг болон тархсан. Манайхаар бол ард олны урлаг гэсэн санаа. Сонгодог
урлаг ойлгодоггүй хүмүүст зориулсан олон нийтийн урлаг юм.  Цааш хөгжин цэцэглэнэ гэсэн ойлголт байдаггүй улам хавтгайран тархдаг  шоу бизнесийн хэлбэр рүү хазайдаг. Нэг  үгээр хэлбэл бизнесийн урлаг аж.

Н.Баярмагнай




зарим үсгүүд q:ө  w:ү  y:ы c:ц ':ь /бусад үсгүүдийг тохиргоо хэсгээс харна уу!/ багасгах | томруулах |

busy